Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Монголын хичээлийн судалгааны нийгэмлэг хамтран зохион байгуулдаг “Хүүхдийн хөгжлийг дэмжсэн багшлах арга зүй” сэдэвт эрдэм шинжилгээний гуравдугаар бага хурал 2015 оны 12 дугаар сарын 17-18-ны өдөр, Улаанбаатар хотод “Багшийн хөгжлийн ордон”-д “Боловсролын чанар нь хичээлийн чанараас, хичээлийн чанар нь хичээлийн судалгаанаас” гэсэн уриан дор зохион байгуулагдана.
“ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖСЭН БАГШЛАХ АРГА ЗҮЙ”
СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ
III БАГА ХУРЛЫН УДИРДАМЖ
ТАНИЛЦУУЛГА
БСШУЯ болон Японы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (ЖАЙКА)-тэй хамтран 2006-2013 онд хоёр үе шаттай хэрэгжүүлсэн “Суралцагчдын суралцахуйг дэмжих арга зүйн хөгжил”, “Багшлахуйн арга зүйн хөгжлийг түгээн дэлгэрүүлэх нь” төслийн үр дүнд 23 сургуулийн 2779 багш хүүхдийн хөгжлийг дэмжсэн арга зүй, технологийн нэг болох хичээлийн судалгааны арга зүй эзэмшсэн байна. Хичээлийн судалгааны арга зүй нь Бага, дунд боловсролын чанарын шинэчлэлийн бодлого, 2012-2016 онд хэрэгжих “Багшийн хөгжил” хөтөлбөрт дэвшүүлсэн “Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх арга барилтай багшийг төлөвшүүлэх” зорилтыг хэрэгжүүлэх гол арга замын нэг гэж үзсэн тул Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Монголын хичээлийн судалгааны нийгэмлэг хамтран 2013 оноос эрдэм шинжилгээний хурал зохион байгуулсан. Эдгээр хурлаар ЕБС-ийн багш, удирдлага, судлаачдын бүтээсэн шилдэг арга туршлага, технологи, үр дүнг хэлэлцсэн нь хүүхдийн хөгжлийг дэмжсэн багшлах арга зүйг боловсронгуй болгон хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, харилцан туршлага солилцох нэг арга хэрэгсэл болж байгаа тул жил бүр уламжлал болгон зохион байгуулж байна. Энэ нь багш нар ажлын байрандаа хамтдаа тасралтгүй хөгжих хэрэгцээ, сургуульд суурилсан багшийн мэргэжлийн хөгжлийг дэмжих бодлого, үзэл баримтлалд нийцэж байна. Ийм учраас энэхүү эрдэм шинжилгээний хурлыг уралдаан, өрсөлдөөн бус хүүхдийн хөгжлийг дэмжсэн багшлах арга зүйн асуудлаар харилцан туршлага солилцох, тулгамдаж байгаа асуудлаа хэлэлцэж, багшлахуйн болон суралцахуйн чанарыг сайжруулах чиглэлээр нэгэн шийдэлд хүрэх талбар гэж үзэж байна.
Чиглэл:
“Хүүхдийн хөгжлийг дэмжсэн багшлах арга зүй” сэдэвт гуравдугаар эрдэм шинжилгээний бага хурал нь “Боловсролын чанар нь хичээлийн чанараас, хичээлийн чанар нь хичээлийн судалгаанаас” гэсэн уриан дор дараах чиглэлийн хүрээнд зохион байгуулагдана.
- Сургуульд суурилсан хичээлийн судалгаа: Энэ чиглэлд сургуулийн тодорхой асуудлыг шийдэх, тодорхой зорилгыг хэрэгжүүлэх үүднээс ижил болон өөр мэргэжлийн багш нар хамтран сургуулийн хичээлийн судалгааны багийн хүрээнд хийсэн судалгаа, үр дүн, арга туршлагыг илтгэнэ.
- Судлагдахуунд суурилсан хичээлийн судалгаа: Энэ чиглэлд тодорхой судлагдахууны арга зүй, технологи, хичээлийн чанарыг сайжруулах зорилгоор хийсэн судалгаа, арга туршлага, технологийн талаар илтгэнэ.
- Хүүхдийн хөгжлийн судалгаа: Энэ чиглэлд хичээлийн судалгааны явцад хүүхдийн хөгжил, ахиц өөрчлөлтийг судалсан судалгаа, арга зүй, туршлага, үр дүнг илтгэнэ.
- Багшлах шинэ арга зүйн судалгаа: Энэ чиглэлд тодорхой судлагдахууны жишээн дээр багшлах болон суралцах шинэ арга зүй, технологи боловсруулан туршсан судалгаа, үр дүнг илтгэнэ.
Сургуулийн өмнөх боловсролоос дээд боловсролын түвшин хүртэлх судалгаа хамрагдана.
Судалгааны цар хүрээ, арга, аргачлал, хүрсэн үр дүн зэргээс хамаарч илтгэлийг үндсэн, аман, ханын, хэлэлцүүлэгт (workshop) илтгэл гэсэн 4 хэлбэрээр хэлэлцэнэ.
- Үндсэн илтгэл: “Хүүхдийн хөгжлийг дэмжсэн багшлах арга зүйг түгээн дэлгэрүүлэх” мэргэжлийн багийн гишүүд, судлаачдын хичээлийн судалгааны чиглэлээр сүүлийн үед хийж байгаа судалгааны ажил, шинэлэг санаа дэвшүүлсэн, тулгамдаж байгаа асуудал, тэдгээрийг шийдвэрлэх арга замыг хөндсөн, мөн хичээлийн судалгааны цаашдын хөгжлийн чиг хандлагыг илэрхийлсэн илтгэлүүд байна.
- Хэлэлцүүлэгт илтгэл (Workshop): Их дээд сургуулийн судлаач, мэргэжлийн багийн гишүүд, ЕБС-ийн багш хамтран хүүхдийн хөгжлийг судалж, тодорхой багц сэдвийн арга зүйн шийдлийг боловсруулсан судалгааны ажлын үр дүнг хэлэлцэх ба энэхүү илтгэл нь суралцахуйн ба багшлахуйн мэргэжлийн дидактикийн асуудлыг шийдвэрлэхэд чиглэгдсэн байна.
- Аман илтгэл: Судалгаат хичээлийн арга зүйн шинэлэг санааг гаргаж, хэрэгжүүлсэн судалгааны ажлын үр дүнг хэлэлцэнэ.
- Ханын илтгэл: Судалгааны үр дүнг тоймлон харуулж хэвлэмэл байдлаар бэлтгэн, оролцогч, сонирхогчдод үзүүлэн, тайлбарлаж илтгэнэ.
ХУРЛЫН ЗОРИЛГО
Эрдэм шинжилгээний хурлын зорилго нь хүүхдийн хөгжлийг дэмжсэн арга зүй технологийн нэг – хичээлийн судалгааны менежмент, төрөл, арга хэлбэрийг өөрийн сургуульд хэрэгжүүлсэн арга туршлага, үр дүн, ололт амжилт, шийдэл, туршлага, багш, судлаач, БСГ-ын мэргэжилтний хамтын ажиллагаагаар суралцахуй ба багшлахуйн чанарыг сайжруулах арга технологийн талаар хэлэлцэхэд оршино.
ОРОЛЦОГЧИД
- Бүх мэргэжлийн багш нар /аман илтгэл/
- Орон нутгийн БСГ-ын мэргэжилтнүүд /аман ба ханын илтгэл/
- Мэргэжлийн баг, багийн гишүүд, судлаачид /аман ба ханын илтгэл/
- Сургуулийн удирдлага /аман илтгэл/
- Багш мэргэжлээр их дээд сургуульд суралцаж байгаа оюутнууд /Ханын илтгэл/
ИЛТГЭЛ ХҮЛЭЭЖ АВАХ, ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА.
Зохион байгуулах: 2015 оны 12 дугаар сарын 17-18-ны өдөр, Улаанбаатар хотод БМДИ-т дээр зохион байгуулна.
Илтгэл хүлээж авах: Илтгэлийг 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн ажлын цагт багтаан файл хэлбэрээр hicheeliin.sudalgaa2014@gmail.com хаягаар хүлээн авна.
Илтгэлийг хэлэлцэх: Илтгэлийг хоёр үе шаттай хэлэлцэнэ.
1-р үе шат: Илтгэлийг Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, “Монголын хичээлийн судалгааны нийгэмлэг” болон “Хүүхдийн хөгжлийг дэмжсэн багшлахуйн арга зүйг түгээн дэлгэрүүлэх” мэргэжлийн багийн гишүүдээс бүрдсэн комисс тодорхой шалгуурын дагуу уншиж, эрдэм шинжилгээний хуралд илтгэх аман болон ханын илтгэлүүдийг хэлэлцэж тогтоно.
2-р үе шат: 2014 оны 12 сарын 17-18-ны өдөрболох эрдэм шинжилгээний бага хуралд хичээл бүрээр 2-3 илтгэл хэлэлцүүлнэ. Ханын илтгэлийг олон нийтэд хэвлэмэл байдлаар дэлгэн үзүүлнэ.
Шалгаруулалт, урамшуулал: Эдгээр илтгэлүүдээс хүүхдийн хөгжлийг дэмжсэн багшлахуйн бүтээлч арга туршлага бүхий үр нөлөөтэй илтгэл бичсэн гурван багшид батламж гардуулж, дараах байдлаар урамшуулна. Үүнд:
- “Солонгос Монголын багш солилцооны хөтөлбөр”-т хамрагдах, боловсролын үндэсний технологийн санд судалгааны ажлаа байршуулах эрх
- “Орос Монголын багш солилцооны хөтөлбөр”-т хамрагдах эрх, боловсролын үндэсний технологийн санд судалгааны ажлаа байршуулах эрх
- “Япон улсад хичээлийн судалгааны туршлага судлах сургалт”-д оролцох эрх, боловсролын үндэсний технологийн санд судалгааны ажлаа байршуулах эрх
Жич. Илтгэгч шалгуурын дагуу судалгааны ажлаа сайжруулж, шаардлагыг хангасан нөхцөлд боловсролын үндэсний технологийн санд байршуулна.
БУСАД
Эрдэм шинжилгээний хуралд оролцогчдын томилолт болон замын зардлыг орон нутаг, сургууль хариуцна. Орон нутгийн хүүхдийн хөгжлийг дэмжсэн багшлах арга зүйг түгээн дэлгэрүүлэх багийн ахлагч нь илтгэгчдийг удирдаж, зохион байгуулж, хуралд оролцоно.
ИЛТГЭЛИЙН ЕРӨНХИЙ БҮТЭЦ, АГУУЛГАД ТАВИХ ШААРДЛАГА
Өнгөрсөн жил зохион байгуулагдсан “Хүүхдийн хөгжил-Хичээлийн судалгаа” сэдэвт хоёрдугаар бага хурлын илтгэлүүдийн эмхэтгэлийг www.itpd.mn сайтаас харна уу.
- Сургуулийн удирдлагын хэлэлцүүлэх илтгэлийн бүтэц-Сургуульд суурилсан хичээлийн судалгаа (сургуулийн түвшинд):
ИЛТГЭЛИЙН НЭР:
ХУРААНГУЙ · Зорилго · Судалгааны загвар /арга зүй/ хандлага · Судалгааны үр дүн · Практик ач холбогдол · Шинэлэг тал/санаа · Түлхүүр үг · Товч агуулга: 200-250 үг ИЛТГЭЛИЙН ДЭЛГЭРЭНГҮЙ Удиртгал Онол арга зүйн үндэс, судалгааны загвар: · Сэдвийг сонгосон үндэслэл · Сонгосон судлагдахуун · Хамрах хүрээ: Хэддүгээр ангийн хэдэн сурагчид хамрагдсан болох, ямар мэргэжлийн хэдэн багш хамрагдсан болох · Эерэг үр дүн гарахад зарцуулсан хугацаа Хугацаа: · Энэхүү судалгааг ямар хугацаанд хийсэн болох Хэрэгжүүлсэн байдал · Гол үйл ажиллагаа /Товч: Сурагчдыг хэрхэн хөгжүүлсэн болох, багшийн арга зүй хэрхэн сайжирсан болох, бие биенээсээ хэрхэн суралцсан болох/ Судалгааны үр дүн · Зорилгодоо хүрсэн байдал: Дээрх үйл ажиллагаа үр дүнтэй явагдаж чадсан эсэхийг нэгтгэн дүгнэх, үр дүнтэй болсон эсэхийг шинжлэх · Яагаад сайн болсон бэ? · Бусдад хүргэх туршлага · Цаашид хөгжүүлэх санал Ном зүй |
- ЕБ-ын сургуулийн багш нарын хэлэлцүүлэх илтгэлийн бүтэц (тодорхой хичээлээр):
ХИЧЭЭЛИЙН НЭР:
ИЛТГЭЛИЙН НЭР: ХУРААНГУЙ: · Зорилго · Судалгааны загвар /арга зүй/ хандлага · Судалгааны үр дүн · Практик ач холбогдол · Шинэлэг тал/санаа · Түлхүүр үг · Товч агуулга: 200-250 үг ИЛТГЭЛИЙН ДЭЛГЭРЭНГҮЙ Удиртгал Онол арга зүйн үндэс, судалгааны загвар: · Сэдвийг сонгосон үндэслэл · Хичээлийн санаа · Хичээлийн бэлтгэл судалгаа · Судалгаат хичээл Хичээлийн өрнөл хэсгийн шийдэл (мэдлэг бүтээлгэх) · Хүүхдээр юуг, яаж нээлгэсэн тухай алхмууд (Таамаглал дэвшүүлэх, таамаглалаа шалгах, турших, хэлэлцэх гэх мэт) · Чухал шинэлэг санаа, арга зүйн туршлага Судалгааны үр дүн · Судалгаат хичээлээр хичээлийн төлөвлөлтөд хийсэн зарим сайжруулалт · Судалгаат хичээлийн төлөвлөлтийн ерөнхий санаа: Багшийн асуулт-үндсэн үйл ажиллагаа, тухайн хэсгийн шийдэл-гол санаа · Хичээлийн хэсэг тус бүрийн шийдлийг хэрэгжүүлсэн байдал: Хичээлийн үеийн протоколын хэсгээс ишлэл хийж, тайлбарлах байдлаар хичээлийн төлөвлөлтийг /хичээлийн эхлэл, өрнөл, төгсгөл /хэрэгжүүлсэн байдлыг танилцуулна. Дүгнэлт: · Яагаад сайн хичээл болсон бэ? · Бусдад хүргэх туршлага · Бусад Ном зүй |
- Мэргэжлийн багийн гишүүд, судлаачдын илтгэлийн бүтэц
- Гарчиг 12pt, Bold, Том үсгээр эхэлж жижиг үсгээр бичнэ.
- Зохиогчдын нэр, байгууллага, хаяг, 9pt, Bold, Том үсгээр эхэлнэ.
- Товч утга (монгол хэл дээр бичих)
- Түлхүүр үг (заавал биш)
- Удиртгал
- Үндсэн хэсэг
- Онолын арга зүй
- Туршилт судалгааны хэсэг
- Үр дүн, дүгнэлт
- Талархал
- Ишлэл буюу ном зүй
ИЛТГЭЛИЙН БИЧВЭР, ХЭЛБЭРЖҮҮЛЭЛТЭД ТАВИХ ШААРДЛАГА
- Цаасны хэмжээ ба зай авах
- Цаасны хэмжээ А4 байх.
- Бичиглэл дээд талаасаа 2.5 см, доод талаасаа 2.5 см, зүүн талаасаа 3 см, баруун талаасаа 2.5 см, , мөр хоорондын зай 1.15 см байх.
- Header (Хуудасны тогой)-9р, italic, Тэгш талын зүүн үзүүрт нь хуудасны дугаар, 0,5 inch гэж зай аваад зохиогчийн нэр, цэг тавиад гарчиг бичих. (Хоёроос дээш зохиогчтой бол нар гэж товчлох. Гарчиг нь нэг мөрөнд багтахгүй бол гол утгыг гарган хураангуйлах)
- Хэл
Өгүүллийг MS word программ дээр “Times new roman” фонт ашиглан үсгийн өндөр 11-ээр монгол хэл дээр бичнэ. Abstract (Товч утга) –ийг монгол хэл дээр “Arial mon” фонт ашиглан бичнэ.
- Илтгэлийн бичиглэлд тавигдах шаардлага
- Ишлэлийг дөрвөлжин хаалтанд [1], [7,10-12.14] гэх мэт тэмдэглэнэ.
- Тооны аравт, зуутын орны таслалыг цэгээр тэмдэглэнэ.
- Томъёог налуугаар бичнэ.
- Хаяг-9pt, italic
- Аbstract (Товч утга)-9pt, Үндсэн хэсгийн баруун, зүүн талаас 1 inch (2.54 см) зайтай бичнэ.
- Abstract 14 мөрөөс ихгүй байна.
- Үндсэн хэсэг-11pt, мөр хоорондын зай single байна.
- Ишлэл буюу ном зүй 11pt байна. Ишлэл нь зохиогч, зохиогчийн овог, бүтээлийн нэр, хэвлэсэн газар, он, хуудас гэсэн дараалалтай байна.
Илтгэл №1, №2-ийг дараахи шаардлагын дагуу бэлтгэх.
- Илтгэлийн хураангуйг MS Word программ ашиглан бичвэр, хэлбэржүүлэлтэд тавих шаардлагын дагуу 5-6 нүүрээс илүүгүй бэлтгэх.
- Аман илтгэлийн хугацаа 20 минут байхаар тооцох. Үзүүлэх материалыг MS Power Point, Prezi программын аль нэгийг ашиглан бэлтгэх. Сайжруулсан хичээлийн хөтөлбөр, хичээл ажиглалтын хуудас, хэлэлцүүлгийн протокол, фото зураг, видео бичлэг зэрэг баримтуудыг хавсаргаж болно.
Ханын илтгэлийг дараах шаардлагын дагуу бэлтгэх.
- Илтгэлийн хураангуйг MS Word программ ашиглан бичвэр, хэлбэржүүлэлтэд тавих шаардлагын дагуу 2 нүүрээс илүүгүй бэлтгэж ирүүлэх.
- Илтгэлийг 120:80 см хэмжээтэй фото цаасан дээр хэвлүүлнэ.
БАГШЛАХУЙН АРГА ЗҮЙН САЙН ТУРШЛАГЫГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХ ТУХАЙ
- Эрдэм шинжилгээний бага хурлын өмнө илтгэлийн хураангуй хэвлэгдэнэ.
- Эрдэм шинжилгээний хурлын дараа бичвэр ба илтгэл тавигдах шаардлага хангасан илтгэлүүдээр хурлын илтгэлийн эмхэтгэл гаргана. Илтгэлийн дэлгэрэнгүйг хүлээн авах сүүлийн хугацаа: 2016 оны 1 сарын 25-ны ажлын цаг дуустал хүлээн авна.
- Хүүхдийн хөгжлийг дэмжсэн багшлах арга зүйн сайн туршлага бүхий үр нөлөөтэй илтгэлийг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын itpd.mn веб сайт, Монголын хичээлийн судалгааны нийгэмлэгийн www.mals.mn веб сайтад байршуулна.