Японы ЖАЙКА байгууллага нь 1998 оноос эхлэн Индонезийн боловсролын салбарт хичээлийн судалгааг зохион байгуулах, түгээн тэлгэрүүлэх зорилгоор хэд хэдэн үе шаттай төслийг хэрэгжүүлж иржээ. Хичээлийн судалгаа зохион байгуулах тал дээр баялаг туршлагатай Индонезийн боловсролын тогтолцооны өнөөгийн байдал, хичээлийн судалгааны онцлог, тэдний туршлага сургамжаас суралцан, цаашид Монгол Улсын хичээлийн судалгааны менежментийг сайжруулахад тус дөхөм үзүүлэхээс гадна хичээлийн судалгааг Монголд хэрхэн зохион байгуулж буй тухай бусад оронд хэрэгжүүлж буй төслүүдэд танилцуулах замаар Монголын талын хүсэл эрмэлзлэлийг дээшлүүлж, чадавхийг нь бэхжүүлэхэд тус дөхөм үзүүлэх зорилгоор 2012 оны 5 дугаар сард Индонезитэй хичээлийн судалгааны туршлага солилцох хөтөлбөрийг амжилттай зохион байгууллаа.
Энэхүү туршлага солилцох хөтөлбөрт Монголын талаас БСШУЯ болон Боловсролын хүрээлэн, Нийслэлийн боловсролын газар, Булган, Завхан, Дорнод, Сэлэнгэ аймгуудын Боловсрол соёлын газар, МУИС, МУБИС-ыг төлөөлөн 10 хүний бүрэлдэхүүнтэй багш мэргэжилтнүүд оролцов.
Хөтөлбөрийн хүрээнд, оролцогчид Индонезийн Үндэсний боловсролын яамны Ерөнхий боловсролын газрын дарга ноён Mухаммад Хаттатай уулзах үед тэрээр Индонези Улсын боловсролын тогтолцоо болон боловсролыг чанаржуулах, багш нарыг чадваржуулах чиглэлээр хийгдэж буй үйл ажиллагаа, хичээлийн судалгааны менежмент, хэрэгжилтийн талаар дэлгэрэнгүй танилцуулга хийхийн сацуу хоёр орны боловсролын салбар дахь хамтын ажиллагааны эхлэлийг тавьсан энэхүү үйл ажиллагааг тасралтгүй хэвээр хадгалахын төлөө ажиллах болно гэдгээ онцлон тэмдэглэсэн юм.
Түүнчлэн Индонезийн Боловсролын их сургуулийн үйл ажиллагаатай танилцан, хичээлийн судалгааг зохион байгуулахад биечлэн оролцож буй тус сургуулийн математик, байгалийн ухааны факультетийн хичээлийн судалгааны мэргэжлийн багийн гишүүдтэй уулзаж санал солилцсоноос гадна Баруун Ява мужийн Боловсролын газар, Индонезийн Боловсролын чанарыг батламжлах байгууллага, Сүмэдан аймгийн Боловсролын хэлтэс, Сүмэдан аймгийн Жатинангүр дунд сургуулиар зочилж, Индонези дэх хичээлийн судалгааны хэрэгжилтийн бодит байдалтай танилцан санал бодлоо солилцож, хичээлийн судалгааг Монголд хэрхэн хэрэгжүүлж буй тухайгаа ч танилцуулж байлаа. Жатинангүр дунд сургууль дээр 8-р ангийн нийгмийн ухааны хичээлд ажиглагчаар оролцон, хэлэлцүүлгийн явцтай танилцаж, туршлага судлах бололцоо олдсон.
Хөтөлбөрийн төгсгөлд Индонезийн Үндэсний боловсролын яаманд дүгнэлт тайлангийн уулзалт зохион байгуулах үеэр, Индонезид хэрэгжиж буй хичээлийн судалгааг өөр өнцгөөс харж дүгнэлт өгсөнд ЖАЙКА-гийн зүгээс талархал илэрхийлэн, бусад орны туршлага солилцох багуудтай харьцуулахад Монголын баг богино хугацаанд үр бүтээлтэй ажилласан хэмээн дүгнэсэн юм.