Япон улсын Нагоя хотод зохион байгуулагдсан “Хичээлийн судалгааны онол, арга зүй” сургалтын талаарх сэтгэгдэл
Юуны өмнө энэхүү сайхан сургалт, аялалд оролцох боломж олгосон МХСН-хэн болон хамт аялсан багийнхандаа гүнээ талархаж байгаагаа илэрхийлье. Энэ сургалтаас маш их олзтой ирсэнээ хуваалцаж байна
- Хичээлийн тэмдэглэлд суурилсан хичээлийн судалгааг хэрхэн зохион байгуулдаг болохыг бодитоор үзэж судалсан. Энэхүү арга зүй нь хичээлийн судалгааг илүү нарийн, үр өгөөжтэй хийх боломж, бидний ярьдгаар “хэлбэрдэх” гэдгийг өөрчлөх нэг чухал арга зүй гэж олж харсан.
- Манай монголын сургуулиуд, багш нар Монголын Хичээлийн Судалгааны Нийгэмлэгийн судлаач багш нартай хамтран хичээлийн тэмдэглэлд суурилсан хичээлийн судалгааг зохион байгуулах боломж байгааг харсан. Энэхүү арга зүйг түгээн дэлгэрүүлснээр манай улсын хичээлийн судалгааны хөгжилд томоохон хувь нэмэр болно гэж бодож байна.
- Хичээлийн тэмдэглэлд суурилсан хичээлийн судалгааг өөрийн сургуульдаа нэвтрүүлж, хэрэгжүүлэхийг хүсэж байна. Үүний тулд найзуудаасаа эхэлж, бага багаар газар авч түгээн дэлгэрүүлнэ гэж төлөвлөж байна.
- Японы хүүхдүүд бусаддаа туслах гэсэн сэтгэлээр, хандлагаар хичээлдээ оролцдог болохыг бодитоор харсан. Хүүхэд өөрөө мэдэх, сурах нь чухал биш багийнхаа найзад, асуудалтай байгаа ангийнхаа найзад туслая, түүнийг сургая гэсэн сэтгэлээр хичээлдээ оролцож байсан. (Математикийн 4-р ангийн хичээл)
- Хичээл зааж байгаа багш аль болох бага ярьж, хүүхдийг зөвхөн чиглүүлж, тусалж байгааг бодитоор харсан. (Математикийн 4-р ангийн хичээл)
- 5-р ангийн физикийн “Хүнд, хөнгөн” туршилтат хичээлийг үзэхэд хүүхдийг чөлөөтэй туршуулж, бүх боломжийг туршиж үзэх боломж олгож байгаа нь хүүхдийг хэдэн удаа турш, тэг ингэ гэж хайрцаглахгүй байгаа нь миний хувьд суралцах нэг том арга зүй байсан. Учир нь би туршилтат хичээл дээр хүүхдүүдээр хурдан туршуулаад, үр дүнг гаргах гэж яардаг байснаа ойлгосон.
- Мөн залуучууд бид англи хэлний мэдлэгээ дээшлүүлэх нь нэн чухал байна. Учир нь англи хэлний мэдлэг, чадвар сайтай тохиолдолд Нагоя их сургуульд боловсролын чиглэлээр магистр, докторт сурах боломж нээлттэй юм байна.
Сэтгэгдэл бичсэн:
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ЕБ-ын 1-р сургуулийн
Физикийн багш А.Батцэцэг
Японы Нагояа их сургууль, бага сургууль, ахлах сургуулиудын эрдэмтэн судлаач, багш нартай уулзаж Японы хичээлийн судалгааг биеэр очиж нүдээр үзэж хараад ирлээ.
Япон багш нар үйл ажиллагаандаа судалгаатай ханддаг. Түүнийгээ шийдэж чаддаг хүмүүс юм байна. Уйгагүй хөдөлмөрлөж судалж, үр дүнг нь хардаг юм байна. Хүүхдийг багаас нь эмх цэгцтэй байдалд сургаж чадаж байгаа нь зөвхөн нэг цагийн хичээлийн хэрэглэгдэхүүнийг эмхэлж цэгцэлж байгаа байдлаас харагдлаа. Хичээлийг хүүхэд өөрөө хийсээр байгаад шинэ мэдлэгээ бүтээж түүнийгээ тайлбарладаг талаар олон шинэ санаа авсан. Бид тэднээс сурах зүйл их байлаа.
- Сургуулийн сургалтын орчин энгийн зүйлээр шийдсэн. Манайхан хэт өнгө, мөнгө зардаг бололтой.
- Багшийн хичээл заалт арга зүй талаас:
- Хамтарч арга зүйгээ дээшлүүлэх бусдаас суралцах зүйл их байна. Болж байгаа гээд бодоод яваад байж болохгүй юм байна. Хичээлийн судалгаагаар бусад багштайгаа хамтарч асуудлыг шийдэж болж байна.
- Хичээлийн тэмдэглэлд анализ хийж буй аргаас: Багш бүр их ярихаа багасгах- Үг хэллэгээ засах
- Багш өөрийн заасан хичээл бүрдээ дүгнэлт хийж засаж сайжруулдаг байх
- Хүүхдүүдийг эмх цэгцэнд сургая
- Багшийг чиглүүлэгч байя, судлаач байя, өөрийгөө сайжруулья хөгжье гэсэн сэтгэлгээ хандлагаа өөрчилье.
Энэ бүгдийг бид хичээлийн судалгаагаар шийдэж болдог гарцыг хараад ирлээ. Эхлүүлсэн ажлын эцсийн үр дүнг үзэх, судалгааг үр бүтээлтэй хийх хэрэгтэй юм байна.
Сэтгэгдэл бичсэн:
Б. Лхамноржмоо
Япон улсад сургалтад хамрагдсан тухай тэмдэглэл
Юуны өмнө МХСН, Нагояа ИС-н багш Шибата, Отани болон орчуулга хийсэн Дуламжав та бүгдэд маш их баярласнаа илэрхийлье!
2017 оны 1 сарын 28
Энэ өдөр Нагояа хоттой танилцаж явахад хамгийн сонирхолтой нь далай үзсэн минь байлаа. Далайн парк, амьтадын тоглолтыг нүдээрээ дэргэдээс нь үзэхэд хамгийн гоё байсан. Үндэсний хувцас кимоно өмсөөд зургаа авахуулсан нь их азтай үйл явдал болсон.
2017 оны 1 сарын 29
Шибата, Отани багш нартаа мөн орчуулагч Дууяа санд маш их баярласан. 11 сард Монголд ирээд бидэнд сайхан мэдлэгээсээ хуваалцаад, хот хөдөөгийн сургуулийн хичээлийг ажиглаад буцсан байсан. Арани багшийн удирдсан “Хичээлийн судалгаа хийх” харьцуулсан үйл явц надад шинэ мэдлэгийг өгч чадсан. Монгол, Япон багш нарыг хамтруулан зохион байгуулсан энэ үйл ажиллагаанд маш их баярласан. Нэг нэгнээсээ суралцах боломжийг өгсөн .
2017 оны 1 сарын 30
Айчи дахь Боловсролын Их Сургуулийн дэргэдэх бага сургуультай танилцсан. Японд биднийг очиход дүн өвөл нь эхэлсэн байгаа гэж байсан. Хүүхдүүд нь ер даарсан шинжгүй өлчир чийрэг харагдсан. Гадаадад амьдарч байгаад ирсэн Япон хүүхдүүдэд зориулсан эх хэлийг нь заадаг тусгай ангитай байсан нь үнэхээр агуу санагдсан.
2017 оны 1 сарын 31
Комаки хара бага сургуулийн 4р ангийн тооны хичээлд сууж, түүндээ хичээлийн судалгааг хийсэн. Багшийн дуу хоолойн өнгө, инээмсэглэл, олон хүн орж ирлээ гэж сандарч байгаа шинжгүй байгаа зэрэг нь их өөр байсан. Хиймэл юмгүй маш энгийн байдалтай.
Мөн гайхалтай зүйл харсан тэнд. “Сүхийн цагаан морь” гэдэг монгол сургамжит зохиолыг 2-р ангийн сурах бичигтээ оруулсан байсан. Энэ сургууль жилд 4 удаа судалгаат хичээлийг хийдэг гэж байсан.
Үдээс хойш : Комаки минами ахлах сургуульд очсон. Эртний хайку шүлгийн илэрхийллээр хүүхдүүдийн авьяас, мэдрэмжийг харсан. Active learning аргыг түлхүү хэрэглэдэг гэж ярьсан.
2017 оны 2 сарын 1
Нагояа Их Сургууль дээр олон эрдэмтэн багш нарын илтгэлийг сонслоо. Японы сургалтын хөтөлбөр энэ оны 4 сараас шинэчлэгдэх гэж буй талаар, мөн мэдлэгийг шалгах биш хүүхдийн тунгаан бодох чадварыг илүү анхаарах болж байгаа тухай, сургуулийн мэргэжилтэн, орон нутгийн мэргэжилтэн, үндэсний мэргэжилтэн багшийн ажил үүрэг, шалгалтын тухай зэрэг олон сонирхолтой зүйлийг сонсож мэдсэн.
2017 оны 2 сарын 2
Отани багшийн хамт Нагояа ИС-ийн ахлах сургуулийн гадаад харилцаа, ирээдүйн эрдэмтэн, судлаач нарын сурдаг анги танхимтай танилцсан.
Үдээс хойш: Нагояа Их Сургуулийн ерөнхийлөгч биднийг хүлээж авч уулзсанд бид их баяртай байгаа. Мөн хичээлийн судалгааны олон улсын төвийг байгуулахад боломжоороо туслахыг хичээх болно гэж хэлж байсан.
Монгол улсад минь элчин сайд байсан Kidokoro гуай ирж, хамт байж, гарын бэлгээ бидэнд өгөөд, орой нь Японы алдартай халуун рашаандаа дагуулж оруулаад, шөнө биднийг үдэн, гараа даллан үлдэхэд нь нүдний нулимс хацар даган бөмбөрч, ямар их хүндлэл, монголчууд бидэнд дотно сайхан сэтгэлээр хандаж байгаа сэтгэлийг мэдэрч, харж явсан билээ. Танд урт насалж, удаан жаргахыг ерөөе!
“Тэмдэглэлд суурилсан хичээлийн анализ” илтгэлээ бидэнд хэвлэн өгсөн Yoshiko Nakashima багшдаа их баярлалаа! Танаас асуух зүйл их байсан даа. Хавар Монголд ирэхээр нь таны илтгэлийг сонсоно гэж найдаж байна.
Хичээлийн судалгааны үндэсний сургагч багш болно гэсэн зорилго өмнөө тавилаа.
Хичээлийн судалгааны талаар дахин дахин суралцах, мэргэших ёстой юм байна. Судлаач байх хэрэгтэй гэдгийг ухаарлаа.
Сэтгэгдлээ бичсэн: МУБИС-ийн дэргэдэх ЕБС-ийн багш Ц.Оюунбат
2017 оны 2 сарын 10
Улаанбаатар хот