Монголын хичээлийн судалгааны нийгэмлэгийн 10 жилийн ойн хүрээнд “Хичээлийн судалгааны нээлттэй өдөрлөг”, “Хүүхдийн хөгжлийг дэмжсэн багшлах арга зүй-суралцагч төвтэй хичээл, үйл ажиллагаа” сэдэвт онол ПРАКТИКИЙН VIII бага хурлыг Боловсролын ерөнхий газар, Монголын хичээлийн судалгааны нийгэмлэг, ЖАЙКА ОУХАБ хамтран зохион байгуулж байна.
2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр зохион байгуулсан Хичээлийн судалгааны нээлттэй өдөрлөгийн хүрээнд 4 дүгээр ангийн математикийн судалгаат хичээл зааж, 170 орчим багш, судлаачид ажиглагчаар оролцлоо.
Хичээлийн дараа заасан хичээлийн арга зүйн төлөвлөлтийн онцлог, суралцахуйг хэрхэн хөтөлж, сурагчдын санал бодлыг илэрхийлсэн, ялгаатай арга хувилбарыг ярилцаж, сайжруулах саналыг хэлэлцэв. Хичээл нь асуудал шийдвэрлэх, сурагчаар олон бодолт, хариулт гаргуулж хэлэлцүүлэхэд чиглэсэн арга зүйн онцлогтой болов.
Мөн үдээс хойш Токиогийн Гакугей их сургуулийн профессор КАМАТА Масахиро “Японы боловсролын өнөөгийн байдал: Асуудал болон цаашдын төлөв” сэдвээр, мөн профессор МАЦҮҮРА Шю “Мэдээллийн технологид суурилсан хичээлийн судалгаа, сургуулийн менежмент” сэдвээр илтгэл танилцуулж, Шинэ Монгол Эрдмийн хүрээлэнгийн ерөнхийлөгч, доктор Ж.Галбадрах, гүйцэтгэх захирал Г.Тогос, Шинэ Монгол ерөнхий боловсролын сургуулийн захирал Н.Лхагвадорж нар “Шинэ Монгол сургуулийн менежмент, Хичээлийн судалгаа” сэдвээр туршлагаа хуваалцав.
“Монголын хичээлийн судалгааны нийгэмлэг” байгуулагдсаны 10 жилийн ойг тохиолдуулсан “Хичээлийн судалгааны өдөрлөг”-т Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын (ЖАЙКА) Хүний хөгжлийн газрыг төлөөлөн КОБАЯАШИ Мияако, ХАЯАШИ Кэнго, ЖАЙКА-гийн Монгол дахь төлөөлөгчийн газрыг төлөөлөн КАВАБАТА Рэйко, МҮРАКАМИ Жёожи, САСАГАВА Чиаки нар хүрэлцэн ирж оролцлоо.
“Хүүхдийн хөгжлийг дэмжсэн багшлах арга зүй-Суралцагч төвтэй хичээл, үйл ажиллагаа” сэдэвт онол практикийн VIII бага хурал 2023 оны 5 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Бага хуралд сургуулийн өмнөх, ерөнхий боловсрол, мэргэжлийн болон дээд боловсролын багш, оюутан суралцагчдаас нийт 192 илтгэлийг ирүүлснээс 67 илтгэл нэгдүгээр шатанд шалгаран хэлэлцэгдэхэд бэлэн болсон байна.