МУИС-ийн Химийн тэнхимийн зөвлөх профессор Н.Оюунцэцэг “Springer” хэвлэлийн газраас нийтэлсэн Science Education Research and Practice (Challenges and Opportunities) номын 6-р бүлгийг бичжээ.
Ч.Мэй-Хунгийн редакторласан (Монгол: Азийн орнуудын байгалийн ухааны боловсролын судалгаа ба практик (тулгамдсан асуудал ба боломж) нэртэй энэхүү ном нь 5 хэсэг, 31 бүлэгтэй, 48 хэвлэлийн хуудас бөгөөд Азийн орнуудын байгалийн ухааны боловсролын судалгаа болон тулгамдсан асуудлуудын өнөөгийн төлөв байдлыг нийтэлснээрээ ихээхэн онцлогтой юм.
Номын нэгдүгээр хэсгийн “Монголын байгалийн ухааны боловсролын хөгжлийн түүхэн тойм” сэдэвт 6-р бүлгийг МУИС-ийн Химийн тэнхимийн зөвлөх профессор Н.Оюунцэцэг бичсэн бөгөөд уг бүлэгт монголын ерөнхий боловсролын сургуулиар олгодог байгалийн ухааны боловсролын хөгжлийн түүхэн тоймыг “Монгол улсын автономитын үе”, “Социализмын үе”, “Ардчилсан хувьсгал ба шилжилтийн үе”, “Шинэхэн үе” гэсэн 4 үечлэлээр авч үзэж нийтэлсэн байна.
Дашрамд дурьдахад Springer нь шинжлэх ухаан, технологи ба анагаах ухааны ном, сэтгүүлийг эрхлэн гаргадгаараа алдартай, 147 жилийн түүхтэй, Германы хэвлэлийн компан юм.
Уншигч та бүхэн номны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах, худалдан авах бол дараах хаягаар хандана уу. http://www.springer.com/gp/book/9789811008450
Н.Оюунцэцэг 1975 онд Өлгий хотын 10 жилийн II дунд сургууль, 1981 онд МУИС-ийн химич-химийн багшийн ангийг төгссөн. МУИС-д 35 дэх жилдээ багшилж байна.
Тэрээр 20 гаруй сурах бичиг, 70 орчим гарын авлага бичиж олны хүртээл болгосноос түүний багаар бичсэн ЕБС-ийн химийн хичээлийн цуврал сурах бичиг нь 2008 онд ерөнхийлөгчийн нэрэмжит “шилдэг сурах бичиг” шагнал, “Ерөнхий органик хими”дээд сургуулийн сурах бичиг нь 2004 онд “МУИС-ийн оны шилдэг сурах бичиг” шагналыг тус тус хүртэж байжээ.