“Хүүхдийн хөгжлийг дэмжсэн багшлах арга зүй” онол практикийн 7 дугаар бага хурал 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Багшийн хөгжлийн ордонд эхэллээ.
2018-2019 оны хичээлийн жилд хот, хөдөөгийн сургууль, багш нар хичээлийн судалгаа хийж туршсан, өөрсдийн бүтээсэн, хэрэгжүүлсэн арга зүй, туршлагаа үндэсний хэмжээнд хуваалцахаар 125 илтгэл ирүүлснээс экспертүүдийн үнэлгээ дүгнэлтээр 50 илтгэлийг энэхүү бага хуралд хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн. Хичээлийн судалгааны зорилго нь хүүхдийг хөгжүүлэх сургалтын шинэ арга зүйг бүтээх, тэдний бие даан суралцах чадварыг нээн хөгжүүлэх арга, хэрэгсэл, технологийг бий болгохын төлөө багш нар хамтран ажиллаж, мөн өөрсдөө ажлын байрандаа хамтран ур чадвараа хөгжүүлэх томоохон боломж олгодогт оршдог.
Энэ удаагийн бага хуралд илтгэл хэлэлцүүлэх багш, судлаачдаас гадна их, дээд сургуулийн багш, эрдэмтэд, хичээлийн судалгааны экспертүүд, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт болон боловсролын салбарын мэргэжлийн байгууллагын арга зүйч, мэргэжилтэн, эрдэм шинжилгээний ажилтан 150 гаруй хүн оролцож байна.
Онол практикийн бага хурал хоёр өдөр үргэлжлэх бөгөөд нэгдсэн хуралдаанд МУБИС-ийн МБУС-ийн хөтөлбөрийн албаны дарга Т.Ганбаатар “Хэл бол агуулгыг интеграцчилсан суралцахуйн судалгаа”, Сайтама их сургуулийн боловсролын факультетийн профессор Мазузаки Акио “What are We need Lesson Study with Realizing Student Centered Approach?”, БМДИ-ийн арга зүйч Д.Отгонтуяа “Багш бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх үйл ажиллагаа ба хичээлийн судалгаа хийсэн байдлын харьцуулсан үр дүнгээс” илтгэлийг тус тус танилцуулж хэлэлцүүлж, илтгэл бүрд хоёр судлаач пиналистаар оролцож, үзэл бодлоо илэрхийллээ.
Тус хурал нь нэгдсэн хуралдаанаас гадна “Хэл нийгмийн ухаан”, “Математик байгалийн ухаан”, СӨБ, бага боловсрол”, Сургуульд суурилсан хичээлийн судалгаа, хүүхдийн хөгжил” гэсэн дөрвөн салбараар хуралдана.
Энэ удаагийн хурал нь дараах онцлогтой. Үүнд:
- Хуралд жил бүр оролцдог аймгуудын тоо нэмэгдэж, багш нар ЗАН, багаараа хамтран бүтээсэн туршлага, арга зүйгээ хуваалцдаг соёлд орон нутгийн сургуулиуд илүүтэй суралцаж байгаа нь ирүүлсэн илтгэлүүдээс харагдаж байна.
- Хичээлийн судалгааны эх орон болох Япон улсаас Сайтама их сургуулийн профессор Мазузаки Акио үндсэн илтгэл хэлэлцүүлж, Тусгай хэрэгцээт боловсролын START төслийн зохицуулагч, хичээлийн судалгааны нийгэмлэгийн гишүүн, профессор Иший Тэцуяа нарын хүндэт зочид оролцож байна.
- Нэгдсэн хуралдаанд хэлэлцэх гурван үндсэн илтгэлтэй холбоотой дэмжих илтгэлийг пиналистууд танилцуулж, тухайн асуудалд олон ургальч үзлээр хандах, асуудлыг олон талаас нь ярилцах боломж олгож байна.
Мөн энэ жил 4 үр нөлөөтэй илтгэлийг шалгаруулж Япон, Солонгос оронд сургалт болон туршлага судлах үйл ажиллагаанд оролцох эрхийн бичгээр урамшуулах юм.
Мэдээ бэлтгэсэн: Д.Даваасүрэн, Ш.Оюунцэцэг /Багшийн мэргэжил дээшлүүлэх институт/