“Хүүхдийн хөгжлийг дэмжсэн багшлах арга зүй” онол практикийн VII бага хурлыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Монголын хичээлийн судалгааны нийгэмлэг хамтран “Боловсролын чанар нь ээлжит хичээлийн чанараас, хичээлийн чанар нь хичээлийн судалгаанаас” гэсэн уриан дор 2019 оны 11 дүгээр сарын 22,23-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Энэхүү бага хуралд хот, хөдөөгийн сургууль, багш нар хичээлийн судалгаа хийж туршсан, өөрсдийн бүтээсэн, хэрэгжүүлсэн арга зүй, туршлагаа танилцуулах 50 илтгэлийг, 4 салбар хуралдаанаар хэлэлцүүлж, 150 орчим багш судлаачид оролцлоо.
Зохион байгуулагчдын зүгээс энэхүү бага хурлын үеэр дараах онцлох номинациудыг шалгаруулан гэрчилгээ олгов. Үүнд:
- Завхан аймгийн Боловсрол, соёл урлагийн газарт өөрийн аймгаас 2013-2018 онуудад “Хүүхдийн хөгжлийг дэмжсэн багшлах арга зүй” онол практикийн цуврал бага хурлуудад хэлэлцүүлсэн 48 илтгэлийн эмхэтгэлээ хэвлүүлэн, бага хуралд оролцогчдод түгээж, хичээлийн судалгааны арга зүй, туршлагаа түгээн дэлгэрүүлсэнд “Анхдагч” номинац
- Дорнод аймгийн Боловсрол, соёл урлагийн газарт “Хүүхдийн хөгжлийг дэмжсэн багшлах арга зүй” онол практикийн VII бага хуралд аймгаасаа хамгийн олон илтгэл хэлэлцүүлсэнд “Хамгийн олон” номинаци
- Нийслэлийн Хишиг сургуулийн сургалтын менежер Л.Сувдаад “Хичээлийн судалгааны үндэсний зөвлөх”-ийн гэрчилгээ
- Дундговь аймгийн “Хүмүүнлэг” дунд сургуулийн сургалтын менежер Ж.Баяртогтоход хичээлийн судалгааны “Бүсийн сургагч багш”-ийн гэрчилгээ тус тус олголоо.
Мөн салбар тус бүрээс хамгийн үр нөлөө бүхий илтгэлийг шалгаруулан Япон, БНСУ-д туршлага судлах, мэргэжил дээшлүүлэх сургалтад оролцох эрх олгосныг дурдвал:
- Хэл, нийгмийн ухааны салбар хуралдаанд “Сурагчдаар эсээ бичүүлж сургах нэг алхам” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн Завхан аймгийн “Жавхлант” цогцолбор сургуулийн багш Н.Дэлгэрмаад БНСУ-Монгол улсын багш солилцооны хөтөлбөрт хамрагдах эрх
- Математик байгалийн ухааны салбар хуралдаанд “Биологийн хичээлд <<Үг хайх>> тоглоомын аргыг хэрэглэх боломжийн судалгаа” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн Хөвсгөл аймгийн “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн багш Ц.Баярхүүд БНСУ-ын “Дэжон” их сургуульд мэргэжил дээшлүүлэх хөтөлбөрт хамрагдах эрх
- Бага боловсролын салбар хуралдаанд “Байршил хөдөлгөөнийг тодорхойлох нэгж хичээлийн арга зүйн туршилт” сэдэвт илтгэл хэлэлцүүлсэн Дархан-Уул аймгийн Шинэ алхам дунд сургуулийн багш М.Ариунзаяад Япон улсад хичээлийн судалгааны арга зүйн туршлага судлах эрх
- Хүүхдийн хөгжил, сургуульд суурилсан хичээлийн судалгааны салбарт “Оюун ухаан-ухамсар ажиллах таван алхамт загвар” сэдэвт илтгэл хэлэлцүүлсэн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын II сургуулийн багш Б.Алимаад Япон улсад хичээлийн судалгааны арга зүйн туршлага судлах эрх тус тус олголоо.
Мэдээ бэлтгэсэн: Бага хурал зохион байгуулах ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн /БМДИ-ийн арга зүйч/