Монголын хичээлийн судалгааны нийгэмлэг (МХСН) байгуулагдсан 10 жилийн ойн хүрээнд 2013 оноос хойш зохион байгуулсан 8 дахь удаагийн онол, практикийн бага хурлыг 2023 оны 5 сарын 18-20 өдрүүдэд БШУЯ, ЖАЙКА ОУХАБ, БЕГ, МУБИС-тай хамтран амжилттай зохион байгууллаа. Энэ жилийн хурлыг 3 өдөр зохион байгуулсан бөгөөд эхний өдөр буюу 5 сарын 18-нд Хичээлийн Судалгааны өдөрлөгөөр нээж МУБИС-ийн харьяа ЕБС-ийн 4-р ангийн сурагчдад математикийн хичээл зааж 170 орчим ажиглагчтай анх удаа нээлттэй зохион байгуулав.
5 сарын 19-ний өдрийн хурлыг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан нээж, Япон улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элч төлөөлөгч Хироюки КОБАЯШИ мэндчилгээ дэвшүүлэн, ЖАЙКА ОУХАБ-ын Хүний хөгжлийн газрын дэд захирал Мияако КОБАЯАШИ “Монгол улсын боловсролын салбар дахь ЖАЙКА-ийн хамтын ажиллагаа”, МХСН-ийн гүйцэтгэх захирал Б.Хишигбаяр (Ph.D) “Хичээлийн судалгаа-МХСН”, МУГБ Н.Нэргүй “Монгол дахь хичээлийн судалгааны тулгамдсан асуудал, хөгжлийн хэрэгцээ” сэдвээр илтгэл тавив.
Мөн БЕГ-ын дарга Т.Ням-Очир “Боловсролын салбарын бодлого, хэрэгжилт: Багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжил-Хичээлийн судалгаа”, Токио, Гакугей Их Сургуулийн проф. КАМАТА “Японы байгалийн ухааны хичээлийн өнөөгийн байдал: Байгалийн ухаан ба Хичээлийн судалгаа”, проф. Мацүүра Мэдээлэл харилцааны технологид суурилсан боловсролын чиг хандлага (ChatGPT, A Big Trend in ICT Education) сонирхолтой лекц уншив.
Хэлэлцүүлэхээр ирүүлсэн 192 илтгэлээс шалгарсан 67 илтгэлийг 5 сарын 19-ний өдрийн үдээс хойш болон 5 сарын 20-ны үдээс өмнө дараах 3 салбар хуралдаанаар хэлэлцэв.
- Сургуульд суурилсан хичээлийн судалгаа: Сургуулийн менежментийг сайжруулах, хүүхдийн хөгжлийн тодорхой асуудлыг шийдэх үүднээс баг, удирдах ажилтнууд хамтран хичээлийн судалгааны хүрээнд хийсэн хүүхдийн хөгжил, ахиц өөрчлөлт, үнэлгээний чиглэлийн судалгаа, үр дүн, арга туршлагыг хуваалцах
- Судлагдахуунд суурилсан хичээлийн судалгаа: судлагдахууны арга зүй, технологи, хичээлийн чанарыг сайжруулах зорилгоор хийсэн судалгаа, арга туршлага, технологийн талаар, мөн тодорхой судлагдахууны жишээн дээр багшлах болон суралцах шинэ арга зүй, технологи боловсруулан туршсан судалгаа, үр дүнг илтгэх
- Тэгш хамруулах боловсролын судалгаа: Тусгай хэрэгцээт, тэгш хамруулан сургах, хүүхэд нэг бүрийн хэрэгцээнд нийцсэн боловсролын чанарыг сайжруулах чиглэлээр хийж буй судалгаа, ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө болон ээлжит хичээлийн хөтөлбөр боловсруулах арга зүй, туршлага, үр дүнг илтгэх чиглэлээр илтгэлийг хэлэлцүүлсэн.
Илтгэл хэлэлцүүлэх ажил дууссаны дараа буюу 5 сарын 20-ны өдрийн үдээс хойш Монголын их дээд сургуулийн эрдэмтэн судлаачид судалгааны ажлаа танилцуулахын зэрэгцээ орон нутагт болон ЕБС-д хичээлийн судалгааг хэрхэн хэрэгжүүлж буй туршлагаа хуваалцав. МХСН-ийг үүсгэн байгуулагчдын нэг, МУБИС-ийн МБУС-ийн захирал Т.Ганбаатар (Ph.D) 5 сарын 18-ны өдөр зохион байгуулсан судалгаат хичээлийн үр дүн, тэмдэглэлт суурилсан шинжилгээний арга зүйг танилцуулсан бол МУИС-ийн багш Ч.Нямгэрэл (Ph.D) МУИС-д хичээлийн судалгааг хэрхэн хэрэгжүүлж буй тухай мэдээлэл хуваалцав. Мөн төрийн өмчит сургуулийн менежментийг сайжруулах чиглэлээр Шинэ Монгол эрдмийн хүрээлэнгийн ерөнхийлөгч МУГБ Ж.Галбадрах, хичээлийн судалгааг хэрхэн хэрэгжүүлж байгаа туршлагаа гүйцэтгэх захирал Г.Тогос, Шинэ Монгол ЕБС-ийн захирал Н.Лхагвадорж нар танилцуулав.
Хичээлийн судалгааг Монгол оронд хэрхэн танилцуулж, хэрэгжүүлэх ажлыг эхлүүлсэн тухай ЖАЙКА ОУХАБ-аас хэрэгжүүлсэн төслийн багийн ахлагч ИШИЙ танилцуулсан бол орон нутагт хэрхэн түгээн дэлгэрүүлж байгаа талаар Сэлэнгэ аймаг дахь Хичээлийн судалгааны нийгэмлэгийн салбар зөвлөлийн дарга Л.Сувдаа туршлагаа хуваалцсан нь аймгуудад хэрхэн ажиллах талаар сэдэл өгсөн мэдээлэл болов. Мөн Дорнод аймагт хичээлийн судалгааг хэрхэн хэрэгжүүлж буй туршлагаа Хэрлэн сумын ЕБС-ийн 12-р сургууль захирал М.Аюушхорлоо танилцуулахдаа аймгийн хэмжээнд төдийгүй бусад аймаг, сургуультай хамтран ажилладаг туршлага, түүгээр ч үл барам Япон, Солонгос, Хятадад туршлага солилцсон тухайгаа танилцууллаа. Төслийн загвар аймаг байсан Дорнод, Завхан, Сэлэнгэ аймгаас ирж буй илтгэлийн тоо нэмэгдэхийн зэрэгцээ чанар сайжирч олон жил хийж байгаа судалгааны үр дүнгээ танилцуулж байгаа нь хичээлийн судалгаа эдгээр аймаг, сургуулиудад нутагшиж байгааг илгэж байна. Загвар биш ч гэсэн ЖАЙКА-гийн хэрэгжүүлсэн төслийн үр дүн болох сургуулийн менежментийн загвар болох Гранд дизайнг өөрийн сургууль дээр хэрхэн хэрэгжүүлж буй туршлагаа Дундговь аймгийн Мандал ЕБС-ийн захирал М.Энхбаяр танилцуулав. Ийнхүү ЕБС-ийн манлайлагч, шилдэг захирлууд маань туршлагаа харамгүй хуваалцлаа.
Салбар хуралдааны дүн гарахаас өмнө илтгэгч болон БШУГ-ын төлөөлүүд сэтгэгдлээ хуваалцаж цаашид өөрийн сургууль, аймгийн түвшинд хэрхэн хэрэгжүүлэх санал хэлэв. Орхон аймгийн БШУГ-аас Хичээлийн судалгааны салбар зөвлөл байгуулах хүсэлтээ албан ёсоор танилцуулав.
Салбар хуралдаан дуусч шүүгчид шалгарсан илтгэлүүдтэй нэг бүрчлэн танилцсанаар Хүүхдийн хөгжлийг дэмжсэн багшлах шинэлэг арга зүй, туршлагаа хуваалцах, түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэхэд үр нөлөө бүхий дөрвөн илтгэлийг шалгаруулан үндсэн илтгэгчийг “Япон улсад хичээлийн судалгааны туршлага судлах сургалт”-д оролцох эрхийн бичгээр шагнаж, урамшуулав. Мөн нийт хэлэлцүүлсэн 67 илтгэгчдэд батламж гардууллаа.
- 1-р байр сургуульд суурилсан, тэгш хамруулах, Сургуулийн өмнөх боловсролын салбар хуралдаанаас Завхан аймаг, Тосонцэнгэл сумын Лаборатори сургуулийн багш Б.Долгорсүрэн илтгэгчийн “Тусгай хэрэгцээт хүүхдийг өнгө ашиглан уншуулж, бичүүлж сургасан нь” сэдвээр Япон улсад хичээлийн судалгааны туршлага судлах сургалтын зардлын 100 хувийн хөнгөлөлтийн Эрхийн бичиг;
- 2-р байр Байгаль, нийгмийн ухааны салбар хуралдаанаас Нийслэлийн Баянгол дүүргийн 20-р сургуулийн багш М.Мягмарням илтгэгчийн “Сургалтын хэрэглэгдэхүүн дээр ажиллах чиглүүлгийг сурах хэв маягт тохируулснаар сурагчдын идэвх, оролцоог нэмэгдүүлэх нь” сэдвээр Япон улсад хичээлийн судалгааны туршлага судлах сургалтын зардлын 75 хувийн хөнгөлөлтийн Эрхийн бичиг;
- 3-р байр монгол хэл, гадаад хэлний салбар хуралдаанаас Нийслэлийн тэргүүний Тольт сургууль, МХУЗ-ын багш Г.Болормаа илтгэгчийн “Багш хичээлийн хэрэглэгдэхүүнийг оновчтой сонгож, сурагчдын ярих, бичих чадварыг хөгжүүлэх нь” сэдвээр Япон улсад хичээлийн судалгааны туршлага судлах сургалтын зардлын 50 хувийн хөнгөлөлтийн Эрхийн бичиг;
- 3-р байр Математик, мэдээллийн технологийн салбар хуралдаанаас Нийслэлийн МУБИС-ийн харьяа ЕБС-ийн багш Г.Шүрэнтуяа илтгэгчийн “Ашигтай гурвалжин хэрэглэгдэхүүнийг тухайн цаг үед хүүхдүүдийн сонирхлыг татаж буй тоглоомуудтай хослуулан бүхий л төрлийн хичээлдээ ашиглах арга зүй” сэдвээр Япон улсад хичээлийн судалгааны туршлага судлах сургалтын зардлын 50 хувийн хөнгөлөлтийн Эрхийн бичгээр тус тус шагнагдсан.
Илтгэгч нарт судалгааны ажилд нь амжилт хүсэхийн зэрэгцээ шүүгчид дараах санал, зөвлөмж өглөө.
Сайн тал: Бүх илтгэгч цагаа баримталсан, слайдын өнгө, дизайн, хөдөлгөөнийг оновчтой сонгосон байна.
Цаашид анхаарах зүйл:
- Судалгааны ажлын дотоод нийцтэй байдлыг хангах
- Судалгааны ажлын нэр, зорилго, дүгнэлт хоорондоо нийцтэй байх
- Судалгааны үр дүнг “хүүхдэд гарсан өөрчлөлт”-өөр илүү тодорхой харуулах
- Судалгааны үндэслэл шаардлагыг, мөн үр дүнг “асуулга судалгаагаар нотлох” зайлшгүй шаардлагатай эсэхийг нягтлах
- Судалгааны ажлыг оновчтой илэрхийлэх, тайлагнах
- Слайд дээр үргэлжилсэн өгүүлбэр хэлбэрээр бичихээс зайлсхийж, зураг бүдүүвч, график, түлхүүр үг хэрэглэх
- Слайдын дэс дарааллыг зөв тогтоох
- Сургууль, багш нар их зүйл хийснээ тайлагнахаас илүү хичээлийн судалгаагаар сурагчаа хэрхэн яаж хөгжүүлснээ нотолсон байх
- Хичээлийн судалгааг “хичээлийн судалгаа”-гаар нь хэрэгжүүлэхийг зөвлөв.
Ийнхүү 3 өдөр үргэлжилсэн БШУЯ, ЖАЙКА ОУХАБ, БЕГ, МУБИС-тай хамтран зохион байгуулсан онол, практикийн бага хурал амжилттай өндөрлөж Эрхэм хүндэт БАГШ, СУДЛААЧИД маань цаашид хийх хүсэл эрмэлзлэлээр дүүрэн, хамтран ажилладаг байгууллагууд маань хичээлийн судалгаа хэрэгжих юм байна гэсэн итгэлээр биднийг урамшуулан, нэр хүнд, хариуцлага хоёр зэрэгцэн өндөрлөв.
Онол, практикийн бага хурлын мэдээллүүдийг Та бүхэндээ цувралаар хүргэх болно.
МОНГОЛЫН ХИЧЭЭЛИЙН СУДАЛГААНЫ НИЙГЭМЛЭГ
ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Б.ХИШИГБАЯР (Ph.D)